Нэмэгдсэн: 2015-09-21 12:14:00

Хэнтийчүүд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийн талаар чууллаа

Банкны зээлээс гадна өөр олон төрлийн санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан орон нутагт бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин бүрдээд буй ч иргэд мэдээлэл, ойлголт муутайгаас тэр бүр боломжийг ашиглаж чадахгүй байна. Иймд орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо анхаарч, хөдөө орон нутагт “Санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба орон нутгийн хөгжил” сэдэвт чуулга уулзалтыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. 2015 оны зургадугаар сард Завхан аймгийн Улиастай, Отгон суманд зохион байгуулсан тус арга хэмжээг энэ сарын 18,19-нд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б. Гарамгайбаатрын дэмжлэгтэйгээр Азийн хөгжлийн банк, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгууллаа. Чуулга уулзалтад
Хэнтий аймгийн Засаг дарга Ж. Оюунбаатар,Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Э. Батболд, Үнэт цаасны зохицуулалтын газрын дарга С. Тулга, Бичил санхүүгийн зохицуулалтын газрын дарга Н. Оюунчимэг тэргүүтэй албаныхан  Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын мэргэжилтэн Д.Өлзийсайхан, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэргэжилтэн Т. Билэгсайхан, Зээлийн батлан даалтын сангийн Батлан даалтын газрын дарга Д.Батзогсох, Монгол банкны Хэнтий салбарын эрхлэгч Т. Ган-Од нарын албаныхан бичил санхүүгийн зах зээл, үйлчилгээний хүртээмж, даатгалын зах зээл, үнэт цаасны зах зээл гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд нийт 17 асуудал хэлэлцүүлсэн юм.

Хэнтий аймгийн тухайд бичил бизнес эрхлэх, иргэд хуримтлал үүсгэх замаар орон нутагтаа нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, үйлдвэрлэх боломж бололцоо сум бүрт бий гэдгийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар онцоллоо. Мөн Хөдөө аж ахуйн бирж хоёр аймгийг онлайн арилжаанд холбоод байгаагийн нэг нь Хэнтий аймаг. Иймд малынхаа тоогоор улсдаа тавд жагсдаг тус аймгийнхан хөдөө аж ахуйн биржээр дамжуулан малынхаа ашиг шимийг борлуулах бүрэн боломжтой талаар Хөдөө аж ахуйн биржийн мэргэжилтнүүд танилцуулга мэдээлэл өглөө. Орон нутгийн иргэдийн амьжиргааны эх үүсвэр зөвхөн нэг зүйлээс хараат байдаг талтай. Өөрөөр хэлбэл малчид малаасаа тариаланчид үр тарианаасаа, төрийн байгууллагын ажилчид нь зөвхөн цалингаасаа хараат байдаг. Тэгвэл хэлж ирдэггүй аливаа аюулт үзэгдэл, гамшгаас урьдчилан сэргийлэх арга зам нь амьжиргааны хоёр дахь эх үүсвэрийг бий болгох, эд хөрөнгө малаа даатгалд хамруулах гэдгийг хэнтийчүүд ойлгож авсан нь энэ чуулганы бас нэг ач холбогдол юм.

Санхүүгийн зохицуулах хороо өөрийн зохицуулалтад байдаг биржүүд, төлбөр тооцооны болон даатгалын байгууллагууд, брокер дилер, батлан даалтын байгууллагуудын санхүүгийн үйлчилгээний онцлогийг сурталчлах, иргэдэд ойлгуулж, тайлбарлахын зэрэгцээ  санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр өөрийн бодлого, стратегээ чиглүүлж, хүнд сурталгүй, бизнесийн хөгжлийг дэмжсэн зохицуулалт хяналтын   арга хэлбэр рүү шилжиж байгаа тухайгаа чуулганы үеэр танилцууллаа.

Мөн Хэнтий аймгийн иргэд нийтэч, хариуцлагатай хөдөлмөрч болохыг  харуулсан олон сайн хоршоо, хуримтлалын бүлэг амжилттай ажиллаж  байгааг албаныхан онцолж байлаа. Чуулганы хүрээнд зохион байгуулсан “Санхүүгийн зах зээлийн өдөрлөг” арга хэмжээний үеэр

орон нутаг дахь ХААН, Хас, Капитал, Төрийн банк, Вишн Фанд ББСБ, Даатгалын компаниуд санхүүгийн үйлчилгээг нэг дор үзүүлж, бичил, жижиг бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ дэлгэн орон нутгийн иргэдэд суртлчиллаа гэж Санхүүгийн Зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.