Нэмэгдсэн: 2015-08-27 16:48:00

 

  “Хуримтлал ба иргэдийн оролцоо” чуулга уулзалт амжилттай боллоо

Монголд иргэдийн оролцоо санаачилгатай хуримтлалын бүлгүүдийн үйл ажиллагаа эхлээд 10 жил болж байна. Бага хэмжээний мөнгийг дундаа хуримтлуулан түүгээрээ хамтын санаа хүчээ нэгтгэн бусдаас дэмжлэг туслалцаа гуйлгүй өөрсдийн санаачлага,хөдөлмөрөөр юу хийж бүтээж болдгийг харуулж байгаа хуримтлалын бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилготой “Хуримтлал ба иргэдийн оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг Азийн хөгжлийн банкны шугамаар хэрэгжүүлж байгаа “Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл” Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгууллаа. Чуулга уулзалтаар хуримтлал үүсгэх боломж, хуримтлалыг өсгөх, удирдах болон ач тусын талаар хэлэлцүүлсэн. Мөн Азидаа жишээ болон ажиллаж буй Тайланд улсын Коди /CODI/ байгууллагын тэргүүн Типпарат болон Азийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Азийн орон сууцны эрхийн эвсэл /ACHR/ байгууллагаас Селин Дкруз нар урилгаар ирж туршлагаасаа хуваалцлаа. Монголд үйл ажиллагаа явуулж буй хуримтлалын бүлгийн төлөөлөл өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулж, хийсэн бүтээсэнээ дэлгэн үзүүлсэн нь чуулганы онцлог боллоо.

Энэхүү арга хэмжээг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа, “Хуримтлалын бүлгүүд бий болоод 10 жил болохдоо амжилттай ажиллаж арвин туршлага хуримтлуулсанд талархалтай байна. Энэ хуримтлуусан туршлагаа бусдад түгээх, хуваалцах, дараа дараагийн хуримтлалын бүлгүүдийг бий болгоход өнөөдрийн чуулга уулзалтын зорилго оршиж байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо бичил санхүүгийн   үйлчилгээгээр дамжуулж иргэдийн санхүүгийн оролцоог дээшлүүлэх, хүртээмжтэй санхүү болгон хөгжүүлэх бодлого барин ажиллаж байна” гэв. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганаар дамжуулан нийт хуримтлалын бүлгийн гишүүдэд хандсан илгээмждээ, “...Хуримтлалын бүлгийн гишүүд асуудлыг хамтдаа тодорхойлж, шийдлийг хамтдаа олж, хэрэгжилтийг хамтдаа хийж, эрсдлийг хамтдаа үүрч, түүн дээрээ суралцан үр дүнгээ хамтдаа ашиглаж хүртдэг. Хуримтлалын бүлэг бол зөвхөн мөнгө бус хүмүүсийн итгэлийг хуримтлуулдаг. Бие биедээ итгэж, итгэл дааж, харилцан зээлүүлж, зээлээ төлж, хяналт тавьж сурах зэргээр санхүүгийн боловсролыг эзэмшиж байгаа юм. Аливаа ажлын шийдвэрийг гаргах, шийдлийг олохдоо бүлгийн гишүүн бүр оролцож байгаа нь үнэхээр чухал. Тэд хамтдаа гэр хорооллоо хөгжүүлэх үйл явцад оролцож байна. Тэгвэл нөгөө талаас төр засаг, орон нутгийн удирдлагууд энэхүү санаачлагыг дэмжин оролцох нь чухал бөгөөд иргэдийн гаргасан санаачлага бүрийг дэмжсэнээр энэхүү үйл ажиллагаа илүү өргөн цар хүрээтэйгээр хэрэгжих боломж бүрдэнэ...” хэмээн онцоллоо. 
Хоёр өдрийн турш явагдах уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкуудын төлөөлөл, Хадгаламжийн даатгалын корпораци, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, хуримтлалын бүлгийн төлөөлөл, иргэд оролцож байна гэж гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.