Нэмэгдсэн: 2015-08-21 16:32:00

Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяагийн урилгаар Лондон хотын зөвлөлийн гишүүн, олон улсын хөгжлийн бодлогын зөвлөх Сэр Пол Жадж манай улсад айлчилж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд бусад улсад хэрэгжүүлсэн хөгжлийн концепц боловсруулах төслийнхөө туршлагаас хуваалцаж Монгол улсын хөгжлийн алсын харааны талаар төр засгийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Сэр Пол Жадж нь Кэмбриджийн их сургуулийн Бизнесийн сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд санхүү бизнесийн удирдлага, улс төр, нийгмийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх юм. Тэрээр мөн Лондон хотын санхүүгийн төв /City of London/ -ийн Зөвлөлийн гишүүн, Бизнесийн Удирдлагын Мастеруудын /MBAs/ Холбооны Ерөнхийлөгч. Британи-Сербийн худалдааны танхимын дарга, хатан хааны нэрэмжит Олон улсын харилцааны хүрээлэн /Chatham house/-ийн тусгай зөвлөх, Их Британийн Магадлан итгэмжлэлийн байгууллагын захирал зэрэг сонгуульт ажил эрхэлдэг байна.

Айлчлалын эхний өдөр тэрээр СЗХ-ны дарга З.Нарантуяатай уулзаж санхүүгийн салбарын хөгжлийн асуудлаар санал солилцов. Өнөөдөр манай улсад санхүүгийн салбарт реформын шинжтэй өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэлт хийж байж бодит эдийн засгийн өсөлтийг дэмжиж, чинээлэг дундаж давхаргыг бий болгохуйц санхүүгийн системийг бий болгох зорилт тавигдаад байгаа. Үүний тулд олон улсын санхүүгийн интеграцид нэгдэн орж хөрөнгө босгох үр ашигтай тогтолцоог бий болгох буюу дэд бүтэц, зохицуулалтын орчноо бүс нутгийн түвшинд өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлж Улаанбаатар хотод олон улсын санхүүгийн төв бий болгох шаардлагатай байгаа талаар тэд санал солилцлоо.

Мөн ноён Пол Жажд 8 дугаар сарын 20-ны өдөр “Монгол улсын хөгжлийн алсын хараа: Улаанбаатар бүс нутгийн санхүүгийн төв болох боломж” сэдвээр Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Зах зээлийн Зөвлөл хамтран зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлэгт оролцож лекц уншин улс төр бизнесийн топ түвшний шийдвэр гаргачидтай байр сууриа хуваалцав.
 

УИХ-ын дарга З.Энхболд хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.08.21/  Лондон хотын Зөвлөлийн гишүүн Сэр Пол Жаджийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ноён Сэр Пол Жаджийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, дэлхийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцогч болох, хөрөнгө оруулагчдад таатай эрх зүй, засаглалын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бид идэвхтэй ажиллаж байна гэлээ.  Мөн тэрээр ардчилсан засаглалтай, ханшийн чөлөөт бодлоготой, байгалийн баялаг, газар зүйн байрлал зэрэг өөрийн давуу байдлуудаа ашиглан бүс нутагтаа тэргүүлэх санхүүгийн төв болох, хөрөнгө санхүүгийн зах зээлээ өргөжүүлэн, хөгжүүлэх замаар эдийн засгийнхаа тулгуур салбаруудыг тэтгэх бодлогыг Улсын Их Хурал байнга дэмждэг болохыг тэмдэглэн хэллээ.

Лондон хотын Зөвлөлийн гишүүн Сэр Пол Жадж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс нь барууны орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хоёр орны харилцаа олон жилийн түүхтэй билээ. Монгол Улс бол газар зүйн байрлалын хувьд хоёр хүчирхэг гүрний дунд оршдогоос гадна ардчиллыг үлгэр дуурайлал болохуйц жишгээр хөгжүүлж ирсэн улс юм. Лондонгийн болон Монголын хөрөнгийн бирж 24 цагийн хамтын ажиллагаа эхлүүлэх гэж буй нь чухал үйл явдал. Өчигдөр Монгол Улсын Уул уурхай сайдтай уулзсан. Монгол Улс бол байгалийн баялгийн асар их нөөцтэй. Харин Лондон бол дэлхийн уул уурхайн салбарын мэдээлэл, үйл ажиллагаа явагддаг гол төв гэж хэлж болно. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь хэтдээ олон улсын санхүүгийн төв болох боломж бий хэмээлээ.

Уулзалтын үеэр Лондонгийн болон Монголын хөрөнгийн биржүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, улс төр, эдийн засгийн асуудлаар харилцан ярилцлаа.

 http://www.parliament.mn/

УИХ-ын гишүүд, сайд нартай уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Л.Болд нар өнөөдөр Лондон хотын санхүүгийн төв /City of London/-ийн Зөвлөлийн гишүүн Сэр Пол Жаджийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Батхүү ноён Сэр Пол Жаджыг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Лондон хотын санхүүгийн төв нь Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллаж ирснийг дурдлаа. Мөн тэрбээр хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Лондон хотын санхүүгийн төвийн Зөвлөлийн гишүүн Сэр Пол Жадж УИХ-ын гишүүдийг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс нь өрнөдийн орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны орон бөгөөд эдүгээ 50 гаруй жилийн түүхтэйг тэмдэглэсэн юм. Тэрбээр Монгол Улс бол бүс нутагтаа ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг дээдлэх чиглэлээр үлгэр жишээ орон болохыг дурдаад энэхүү уулзалтын зорилго нь Монгол Улсад Олон улсын санхүүгийн төв байгуулахад дэмжлэг үзүүлэх саналтай буйгаа хэлэв. Учир нь Монголын эдийн засаг харьцангуй хурдацтай хөгжиж байгаагийн сацуу газар зүйн байршлын хувьд тохиромжтой хэмээн онцоллоо. УИХ-ын гишүүн Л.Болд, Олон улсын санхүүгийн төвийг Монгол Улсад байгуулах талаар өмнө нь туршлага судалж, ажиллаж байсан талаар танилцуулаад энэхүү төвийг байгуулснаар манай орон төдийгүй бүс нутагт эдийн засгийн чухал ач холбогдолтой гэв. 

Мөн Сэр Пол Жадж Монголд айлчлах үеэрээ Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт нартай уулзаж салбарын хөгжлийн хэтийн төлөвлөгөө, эдгээр салбарт олон улсын хөрөнгө оруулалт татах боломж, нөхцлийн талаар санал солилцов.