Нэмэгдсэн: 2015-07-02 17:16:00

Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын зохицуулалтын газрын дарга Ц.Нацагдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хорооноос даатгалын төлөөлөгчид олгосон шимтгэл хураамжийг ил тод болгох шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргасан. Энэхүү өөрчлөлтийг оруулснаар ямар давуу тал гарна гэж харж байгаа вэ?

-Даатгалын төлөөлөгчид олгосон шимтгэл хураамжийг ил тод болгосон нь энэ зах зээл дээр шударга өрсөлдөөнийг хангуулах нэг чухал алхам юм. Аль нэг компани эрх бүхий албан тушаалтан даатгалын компанитай гэрээлснийхээ төлөө тухайн компаниас урамшуулал  авдаг. Энэ нь өөрөө шударга өрсөлдөөнийг хангахгүй, цаашлаад авилгын үндэс болох магадлалтай байлаа. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо үүнд зохицуулалт хийлээ. Ялангуяа төрийн болон олон нийтийн өмчит байгууллага  хаана, хэдэн төгрөгийн даатгалд хамрагдаж байгаа нь ил тод болох юм. Нөгөө талаар даатгуулагч компанийн жинхэнэ эзэд өөрийнх нь компанид яг ямар даатгалын гэрээ хийгдэж байна,  энэ гэрээ нь төлөөлөгчөөр дамжуулж шимтгэл авсан уу эсвэл өрсөлдөөн дундаас чанартай бүтээгдэхүүн авсан уу гэдгийг хянах боломжийг нээж өгч байгаа юм. Даатгалын төлөөлөгч зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө хөлс авах эрх зүйн орчинг бүрдүүлсэн шийдвэр юм.   

-Төрийн болон олон нийтийн өмчит байгууллагын эрх бүхий албан тушаалтан даатгалын гэрээ шийдэж өгснийхөө төлөө хэд хүртэл хувийн урамшуулал авдаг байсан юм бэ?

-Журамд өөрчлөлт оруулсан бас нэг давуу тал нь энэ.  Төрийн байгууллагын даатгал ямар нэг албан тушаалтнаар дамжсан бол шууд ил тод зарлах олон нийтийн шаардлага байсан. Ингэснээр хардлага дагуулдаг асуудалд цэг тавина гэж харж байгаа. Албан бус мэдээллээр бол даатгуулсан мөнгөн дүнгийн 25 орчим хувь буюу ¼ нь бууруу гараар орох боломжтой байжээ гэсэн үг.
-Одоогоор нийт даатгалын салбарт хэдэн төгрөг эргэлддэг юм бэ?

-Энэ оны эхний улирлын байдлаар даатгалын 17 компани байна. Эдгээр компани нийт 170 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Нийт 3418 даатгалын төлөөлөгч тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, нийт хураамжийн орлогын 51.9 хувь /55.7 тэрбум төгрөг/ нь даатгалын төлөөлөгчөөр дамжин орсон байна. Мөн тайлант хугацаанд даатгалын төлөөлөгчийн шимтгэлийн дүн 10.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс 3.39 тэрбум төгрөгийг 20 сая ба түүнээс дээш төгрөгийн шимтгэлийн орлоготой 98 даатгалын төлөөлөгчид олгосон байна.

-Мөн даатгалын компаниуд хөрөнгийн зах зээл, бичил бизнес зэрэгт хөрөнгө оруулах боломж бүрдсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Даатгалын нөөц сан дээр байршсан мөнгөн хөрөнгийг бусад активт хөрвүүлэх нь хязгаарлагдмал байж ирсэн. Банк бус санхүүгийн байгууллагад 5 орчим хувийг байршуулах, Засгийн газрын бонд, хөрөнгийн биржийн хувьцаанаас багахан хэмжээгээр авч болдог байв. Үүний хувь хэмжээг нэмж, зарим дүрэм журамд өөрчлөлт оруулж өгсөн. Тодруулбал, даатгалын нөөц сангийн хөрөнгийн 20 хүртэлх хувийг хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хөрөнгө оруулах боломж нээгдэж байгаа юм. Олон улсын жишгээр даатгалын компаниуд мэргэжлийн хөрөнгө оруулагч байдаг. Улмаар  манай даатгалын компаниуд гаднын жишгээр мэргэжлийн хөрөнгө оруулагч болж төлөвших эхлэл юм.  Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын сангууд нээгдэх зэрэг олон давуу талтай.

-Манай иргэдийн хувьд даатгалын үйлчилгээг тэр болгон сонирхохгүй байна. Шалтгаан нь юу байдаг вэ?

-Даатгал гэдэг бол санхүүгийн шийдвэр гаргалт. Өөрт учирч болох эрсдэлийг тодорхой хэмжээгээр тооцож, мөнгөн дүнгээр хаалгах алхам юм. Манайхан даатгуулаад ямар нэгэн эрсдэл хүлээлгүй жил тойрчихдог. Ингэхээр мөнгөө хүнд зүгээр өгч байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ бол иргэдийн санхүүгийн боловсролтой шууд холбоотой. Бид эрсдэлийг удирдах бус яаж зугтаах гэдэг хандлагатай хүмүүс. Өөрөөр хэлбэл, хол аяллаар явахдаа даатгал хийлгэхийн оронд, лам дээр очиж аян замын ерөөл уншуулдаг. Энэ хоёрын аль нь эрсдэлийг чинь нөхнө гэдгийг бодох хэрэгтэй. Гэтэл одоо амьдралын шаардлага өөр болсон. Жолоочийн албан журмын даатгалд заавал хамруулж байгаа шиг эрсдэл өндөртэй салбарт даатгалын технологи нэвтрүүлэх судалгаа хийгдэж байгаа. Ингэснээр барилга, уул уурхай зэрэг эрсдэл өндөртэй салбарт давхар хяналт болж өгөх юм.  Мөн олон нийтэд даатгуулах дадал хараахан суугаагүй байна. Жолоочийн албан журмын даатгал зэргээр бага багаар энэ дадал суух замаар өсөх хандлага ажиглагдаж байна.

-Монголчуудын хөрөнгө санхүүгийн чадавх муутай учраас даатгуулахаас зайлс хийдэг үзэгдэл байдаг шүү дээ?

-Энэ бол гол шалтгааны нэг. Зах зээл дээр  байгаа бүтээгдэхүүн нь дундаж болон түүнээс доош орлого бүхий давхаргын иргэдэд хүртээмжтэй байж чадаж байна уу, үгүй юу гэх асуудал байгаа учраас Хорооны зүгээс иргэдэд хүртээмжтэй даатгалын бүтээгдэхүүнийг бий болгох ажлыг эхлүүлээд байна.