Нэмэгдсэн: 2015-03-12 13:00:00

Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга З.Нарантуяа тэргүүтэй СЗХ, Монголбанкны төлөөлөгчид энэ сарын 17-19-ний өдрүүдэд Япон улсад ажиллаж байна. Төлөөлөгчид тус улсын Санхүүгийн Үйлчилгээний Байгууллага, ЖАЙКА, Японы хөрөнгийн бирж групп, Токиогийн таваарын бирж, Үнэт цаасны төвлөрсөн  хадгаламжийн корпораци, Клирингийн корпораци зэрэг олон байгууллагад ажиллаж хоёр орны санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Японы мэдлэг, туршлагыг нэвтрүүлэх талаар тодорхой саналуудыг хэлэлцэж тохиров.  

 Тухайлбал Монгол Улсын СЗХ, Япон Улсын СҮБ хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд ЖАЙКА буюу Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр манай улсын хөрөнгийн зах зээлийн чадавхийг бэхжүүлэх гурван жилийн хугацаатай төслийг гурван тал хамтран хэрэгжүүлж эхлэх гэж байна. СЗХ-ны дарга З.Нарантуяа, Японы Санхүүгийн Үйлчилгээний Байгууллагын дарга Киёши Хосомизо нарын уулзалтын үеэр уг төслийг хэрхэн хамгийн өндөр үр ашигтай байлгах, ямар ажлуудыг нэмж хэрэгжүүлэх шаардлагатайг нэг бүрчлэн хэлэлцлээ. Төслийн хүрээнд СЗХ-ны бодлого төлөвлөлт, судалгааны чадавхийг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлэх, МХБ, Үнэт цаасны клирингийн төвийг өөрийгөө зохицуулах байгууллага хэлбэрээр бэхжүүлэх, төрийн өмчийн компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах, шинээр хувьцаа гаргах, Японы хөрөнгийн бирж дээр давхар бүртгэл хийх боломжтой компаниудыг дэмжих зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ. 

Мөн Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийг Бүртгэл клирингийн бие даасан байгууллагууд болгож үйл ажиллагааг нь олон улсын жишигт нийцүүлэх ажилд Японы үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн корпораци, Үнэт цаасны клирингийн корпорациуд мэргэжил арга зүйн талаас дэмжиж ажиллахаар боллоо.Харин Токиогийн хөрөнгийн бирж, Таваарын биржүүдийн хувьд манай Хөрөнгийн бирж, Хөдөө аж ахуйн бирж болон шинээр байгуулагдах уул уурхайн биржүүдийг дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. 

Эх сурвалж: www.bataar.mn