Нэмэгдсэн: 2015-04-29 12:49:00

Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалтаа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар Эрсдэлийн удирдлага, зохицуулалтын газрын дарга Б.Оюунцацралаас цөөн асуултанд хариу авлаа.  

-Санхүүгийн зохицуулах хорооноос хяналтаа бүрэн тавьж чадаж байна уу?

-Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой найдвартай байдлыг хангах зорилгоор бичил санхүүгийн байгууллагууд, үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч, даатгалын зах зээлийн оролцогч нарын зохицуулалт, хяналт шалгалтыг хийх үндсэн үүрэгтэй ажилладаг. Сүүлийн үед тохиолдож буй санхүүгийн хямралд дэлхий нийт ямар дүгнэлт тавьсан бэ гэхээр,  санхүүгийн хяналт шалгалтын арга барилыг өөрчлөх, зохицуулалтанд байгаа байгууллагуудад тавих хяналтыг оновчтой болгох шаардлагатай юм байна гэж үзсэн. Өөрөр хэлбэл, хяналт шалгалтыг гүйцэтгэлд суурилсан хэлбэрээс эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Санхүүгийн зохицуулах хороо ч өөрийн зохицуулалтанд байгаа санхүүгийн зах зээлийн оролцогч нарын үйл ажиллагааны чиглэл онцлогоос хамааран эрсдэлд суурилсан болон гүйцэтгэлд суурилсан хяналт шалгалтыг хослуулах хэлбэрээр зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.

-Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийх нь ямар давуу талтай юм бэ?

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтанд нэлээн олон санхүүгийн байгууллага байдаг. Тэр болгонд гүйцэтгэлд суурилсан хяналт шалгалт хийх боломж хомс. Иймд тухайн санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос нь хамаараад эрсдэлийн түвшинг нь тодорхойлж байгаад шаардлагатай гэж үзвэл газар дээр нь очиж хяналт шалгалтаа явуулна гэсэн үг. Ингэснээр хяналт шалгалтанд зарцуулах хүн хүч, цаг хугацаа, зардал хэмнэнэ. Хяналт шалгалтын зохистой тогтолцоог бий болгож, санхүүгийн байгууллагуудад байгаа эрсдлийг аль болох эрт түвшинд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг хэмжих, тодорхойлох арга хэрэгслүүдээ сайжруулах, улмаар эрсдэлийг зохистойгоор удирдах боломжтой болох юм. Энэ ажлын хүрээнд бид зохицуулалтынхаа хууль дүрэм, заавар журам, шалгуур үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг  нэвтрүүлэх гэж байна.

-Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллагатай хамтран хийж буй сургалт нь эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэхэд чиглэсэн гэж ойлгож болох уу? 

Энэ удаа бид Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллагатай хамтран “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт сэдэвт сургалт зохион байгуулж байна.  Японы мэргэжилтнүүд эрсдэлд суурилсан хяналт шалгалт нэвтрүүлэхэд хуримтлагдсан  туршлагаасаа бидэнтэй хуваалцаж байгаа юм. Мөн хяналт шалгагч нарын чадавхийг сайжруулах тал дээр хамтран ажиллаж байна. Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллага нь манай Санхүүгийн зохицуулах хороотой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн байгууллагуудыг шалгахаас гадна Японы банкны үйл ажиллагаанд мөн хяналт тавин ажилладаг. Өөөрөөр хэлбэл Японы Санхүүгийн үйлчилгээний байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хянан шалгагч нарынхаа чадавхийг сайжруулах эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоо бий болгох чиглэлээр хамтран ажиллаж байна.  

-Банк бус санхүүгийн байгууллага даатгалын компаниудын хяналт шалгалтаар илэрдэг гол зөрчил юу вэ?

-Өөр өөрийн үйл ажиллагааны онцлогоос хамаарна. Бид зохицуулалтынхаа хүрээний дүрэм журмыг ерөнхийдөө тогтоосон. Тогтоосон дүрэм журмын хүрээнд ажиллаж байна уу гэдгийг шалгахаас гадна зохицуулалтын байгууллагын хувьд зохистой харилцааны шалгуур үзүүлэлтүүдийг голчлон анхаардаг. Энэ тал дээр алдаа дутагдал илрэх нь бий.

-Сүүлийн үеийн мэдээллийг анзаарч байхад санхүүгийн бичил бизнес эрхлэгчдэд тавигддаг харьцааны шалгуурууд чангарч байна гэх юм. Зохистой харьцаа гэж юуг хэлээд байна вэ?

-Зохистой харьцаа гэдэг нь тухайн санхүүгийн байгууллагын өөрийн хөрөнгийн хүрэлцээ буюу эрсдэл даах чадвар нь ямар байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь ямар байна, цаашлаад валютаар үйл ажиллагаа эрхэлж байгаа бол валютаар хүлээж байгаа эрсдэлээ өөрийн хөрөнгөөр даах чадвартай байна уу үгүй гэдгийг харж, дүгнэж байдаг үзүүлэлт юм. Хадгалмж зээлийн хоршооны хувьд гишүүдийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа болохоор санхүүгийн хариуцлага сайтай байж чаддаг. Зохистой харьцааны үзүүлэлтүүд нь гайгүй хангагдаад явдаг болсон.