Нэмэгдсэн: 2015-04-27 18:38:00

Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжүүлж, Азийн хөгжлийн банк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтран хэрэгжүүлж буй“Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн бага, дунд орлоготой иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилтын хүрээнд санхүүгийн боловсролын чиглэлээр хийгдсэн ажлуудыг танилцуулах уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтанд Японы элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Хироши Фукосава, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Марк Беземерболон Банк санхүүгийн академи, Бичил санхүүгийн хөгжлийн сан, Монгол Банк, Банк бус санхүүгийн байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоодын төлөөлөл оролцлоо.

Төслийн хүрээнд хийгдсэн насанд хүрсэн иргэдийн санхүүгийн боловсрол, зан төлвийг тодорхойлох судалгааны үр дүнг төслийн мониторинг үнэлгээг гүйцэтгэгч Бангладешийн HB компанийн зөвлөх С.Нэргүй танилцууллаа. Судалгааны үр дүнгээс харахад иргэдийн хамгийн түгээмэл хэрэглэж байгаа санхүүгийн үйлчилгээ нь харилцах данс, хадгаламж, зээл, мөнгөн шилжүүлэг, даатгал гэсэн үйлчилгээнүүд бөгөөд нийт судалгаанд хамрагдсан өрхийн 50-иас илүү хувь нь эдгээр үйлчилгээг хэрэглэдэг байна.

 Энэхүү судалгаагаар хадгаламж, зээл гэх мэт үндсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмж харьцангуй сайн байгаа нь харагдсан ба харин иргэдийн хувийн болон өрхийн санхүүгийн мэдлэг хандлага сайн биш байгаа нь тодорхойлогдсон. 

Түүнчлэн төслийнхүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах зорилгоор хийсэн бас нэг томоохон ажил нь иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой “Саятан болгох дамжаа”24 ангит уран сайхны киног бүтээх ажил байлаа. “Саятан болгох дамжаа” олон ангит киног хийхдээ цаг хугацааны хувьд кино бүтээхийн өмнө, мөн тус киног телевизийн эфирээр цацахтай зэрэгцэн гурван судалгааг хийсэн. “Саятан болгох дамжаа” олон ангит киноны рейтинг тогтоох судалгааг Максима медиа компани гүйцэтгэсэн бол олон ангит киноны нийгэмд үзүүлж буй үр нөлөөг тодорхойлох судалгаа болон хяналтын судалгааг төслийн Мониторинг үнэлгээний баг IT Systems компанитай хамтран гүйцэтгэсэн.

Эдгээр судалгааны үр дүнгээс үзэхэд уг кино төсөл нь бага орлоготой иргэд буюу зорилтот бүлэгтээ хүрсэн бөгөөд агуулгын хувьд сонирхолтой байснаас гадна иргэдийн санхүүгийн мэдлэг зан төлвийг өөрчилж чадсан гэсэн эерэг үр дүн гарсан байна.