|
Даатгyyлсан малчдад 1,800,000,000.00 төгрөгийн нөхөн төлбөр олгоно
Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд Дэлхийн банкнаас Монгол Улсын Засгийн газартай хамтран 2005 оноос эхлэн Малын индексжүүлсэн даатгал төслийг туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн.
Туршилтын уг төслийн санхүүжилтийн эх үүсвэр нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын нийт 17.7 сая ам.долларын (үүнээс 11.2 сая ам.доллар нь зөвхөн даатгалын нөхөн төлбөрт олгогдох нөхцөлт зээл) зээл болон Япон Улсын Засгийн газраас олгосон 1.3 сая ам.доллар, “Швейцарийн хөгжлийн агентлаг” олон улсын байгууллагын 0.6 caя ам.доллар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын 0.7 caя ам.долларын буцалтгүй тусламжаас бүрдэж байгаа болно. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас энэ төслийг 322.9 мянган ам.долларын хөрөнгөөр дэмжин санхүүжүүлж байна.
Малын индексжүүлсэн даатгал нь сумын хэмжээнд хорогдсон нийт малын тоог (малын төрөл тус бүрээр) үндэслэн даатгалын хохирол, нөхөн төлбөрийн хувь хэмжээг тооцоолон босго тогтоож, хорогдол үүнээс давсан тохиолдолд мал сүргээ даатгуулсан бүх малчдад хохирлыг барагдуулж нөхөн төлбөр олгох арилжааны даатгалын шинэ хэлбэр юм. Энэ даатгалын эрсдэлд зудын хүндрэл, төрөл бүрийн малын өвчин, байгалийн гэнэтийн аюул гамшиг, малын хулгай, чононд бариулах, мал сураггүй алга болох зэрэг малын бүхий л төрлийн хорогдол эрсдэл орж байна.
Малын даатгалын энэхүү шинэ хэлбэрийг дэлхийд анх удаа Монгол Улсын 9 аймагт хэрэгжүүлж байгаа юм. Анх 2006 онд Баянхонгор, Увс, Хэнтий аймагт туршилтын журмаар малын индексжүүлсэн даатгалыш хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүнд хүрч, улмаар 2009 онд Сүхбаатар, 2010 онд Булган, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ аймгуудыг нэмж хамруулсан. Цаашид Дэлхийн банкны төслийн хамт олон 2011 онд дараагийн 6 аймаг, 2012 онд үлдсэн 6 аймгийг дарааллаар төсөлд хамруулж 2013 он гэхэд үндэсний хэмжээнд буюу бүх аймаг, орон нутагт мал сүргийн индексжүүлсэн даатгалын тогтолцоог бүрэн нэвтрүүлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.
2010 оны байдлаар Малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд “Монгол даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК, “Прайм даатгал” ХХК болон “Практикал даатгал” ХХК идэвхитэй оролцож байна. Тухайлбал, “Монгол даатгал” ХХК нь 2005 оноос хойш төслийн борлуулагч компаниар 5 дахь жилдээ шалгаран амжилттай ажиллаж байгаа юм. 2009 онд малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрт нийт 1,800,000,000.00 (нэг тэрбум найман зуун сая) төгрөг олгох болсны 622,000,000.00 (зургаан зуун хорин хоёр сая) төгрөгийг “Монгол даатгал” ХХК дөрвөн аймгийн 48 сумын малчдад ХААН банкаар дамжуулан олгож эхэллээ.
Даатгалын газар |