Санхүүгийн зохицуулах хорооноос Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтарч, 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтнуудын II зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, “Монголын Хөрөнгийн Бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн нийт 55 байгууллагын 80 гаруй удирдах түвшний ажилтнууд хамрагдав.

Энэ нь Монгол Улсын Их Хурлаас Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиуд шинэчлэн баталсантай холбогдуулан цаг үеээ олсноороо онцлог бөгөөд уг зөвлөгөөний хүрээнд явагдсан хэлэлцүүлгийн үр дүнд манай орны үнэт цаасны зах зээлийн хөгжлийн чиг хандлага, эрх зүйн орчин, дэд бүтцийн шинэчлэл, тулгамдаж буй зарим асуудлаар хэлэлцэж цаашид авах арга хэмжээг тодорхойлсон юм.

Манай орны өмч хувьчлалын үйл явцаас үүдэн бүртгэлтэй компаниудын хувьцааны төвлөрөл өндөр, зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлт хомс, бирж дээрхи үнэт цаасны арилжааны үнийн дүн буурсныг анхаарч;

Мэргэжлийн байгууллагуудын санхүү, ёс зүйн стандартыг сайжруулах, хөгжингүй орнуудын жишгээр брокерийн компанийн бүртгэлийн системийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзээд;

Үнэт цаасны арилжааны тооцооны байгууллагыг хадгаламжийн байгууллагаас тусдаа, тооцооны байгууллагын бие даасан бүтцийг Монгол Улсын үнэт цаасны салбарт нутагшуулах нь үнэт цаасны төлбөр, тооцооны системийн эрсдлийг бууруулах нэгэн хүчин зүйл болохыг хүлээн зөвшөөрч;

Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны стратеги, хөтөлбөр, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо, өөрийнхөө зохицуулах болон мэргэжлийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэн,

Дараахь зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

Нэг. Санхүүгийн зохицуулах хороонд:

  1. Төрийн болон өөрийгөө зохицуулах байгууллага, мэргэжлийн холбоодын нягт хамтын ажиллагааг өргөжүүлэн, бэхжүүлэх;
  2. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай, журам, заавар стандартыг Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага /IOSCO/-ын зарчимын дагуу тогтоох;
  3. Бүртгэлийн шаардлагыг боловсронгуй болгож, засаглалын шаардлага хангасан жижиг, дунд компаниудын үнэт цаасны зах зээлд нэвтрэх таатай орчин бий болгох;
  4. Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын болон орон нутгийн бондыг Хөрөнгийн биржээр арилжаалах асуудлыг шийдвэрлэх;
  5. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах асуудлыг тууштай дэмжин ажиллах;
  6. Хувьцаат компанийг шинээр бий болгох хөрөнгийн биржид бүртгүүлэх хөшүүргийг татварын бодлогоор дамжуулан бий болгох саналыг УИХ-д хүргүүлэх;
  7. Үнэт цаасны арилжааны тооцооны байгууллагыг бие даасан хэлбэрээр зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх;
  8. Хөгжингүй орнуудын жишигт нийцсэн бүртгэлийн системийг брокерийн компаниудад нэвтрүүлэх, гадаад, дотоод төслийг хэрэгжүүлэх замаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх тал дээр санаачлагатай ажиллах.
  9. Үнэт цаасны зах зээлийн талаар гарын авлага, зөвлөмжүүдийг боловсруулах, нийтлэх, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх;
  10. MIT төлбөр тооцоо, хадгаламжийн програм хангамжийг мэргэжлийн нэр хүнд бүхий байгууллагаар IT аудит хийлгүүлж, дүгнэлт гаргуулах ажлыг Төрийн өмчийн хороотой хамтарч зохион байгуулах.

Хоёр. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд:

  1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу өөрийгөө зохицуулагч байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулалтад орж ажиллах;
  2. Үнэт цаасны зах зээлийн талаар гарын авлага, зөвлөмжүүдийг боловсруулах, нийтлэх, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг сайжруулах ажлыг гардан зохион байгуулах;
  3. Судалгаанд үндэслэн төлбөрийн баталгааны сан, барьцааны сан, эрсдлийн сангийн нөхцөл шаардлага, хэм хэмжээг олон улсын жишигт нийцүүлэх саналыг боловсруулан Хороогоор шийдвэрлүүлэх;
  4. Хөгжингүй орнуудын жишигт нийцсэн бүртгэлийн системийг брокерийн компаниудад нэвтрүүлэх, түүнийг санхүүжүүлэх гадаад, дотоод төслийг хэрэгжүүлэх талаар санаачлагатай ажиллах;
  5. Харилцагчдын үнэт цаасын арилжааны төлбөрийн данстай холбоотой үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар тодорхой шийдлүүд боловсруулах;
  6. Үнэт цаасны зах зээл дээр үнэт цаас гаргах замаар санхүүжилт босгох үйл явцыг зохицуулагч болон үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран идэвхижүүлэх;
  7. Олон нийт, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж цаг үеийн бодит мэдээллийг тогтмол хүргэж байх;
  8. Санхүүгийн зохицуулах хороо болон өөрийгөө зохицуулагч байгууллагаас гарсан журам, шийдвэрийг мэргэжлийн оролцогчид болон олон нийтэд зөвөөр тайлбарлан таниулах арга хэмжээг зохион байгуулан ажиллах.

Гурав. “Монголын хөрөнгийн бирж” ХК-д:

  1. MIT систем, түүний CR-тай холбоотойгоор хадгаламж, өмчлөх эрх бүртгэлийн үйл ажиллагаанд үүсч буй эрсдлийг шийдвэрлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;
  2. Анхдагч зах зээл болон бондын арилжааны функцийг нэвтрүүлэх ажлыг ойрн хугацаанд хээргжүүлэх арга хэмжээ авах;
  3. Брокер, дилерийн компаниудад ашиглагдах “Back office” програмын шийдлийг бусад байгуулагуудтай хамтарч шийдвэрлэх.

Дөрөв. “ҮЦТТТХТ” ХХК-д:

  1. MIT систем, түүний CR-уудтай холбоотойгоор хадгаламж, өмчлөх эрх бүртгэлийн үйл ажиллагаанд үүсч буй эрсдлийг “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай нягт хамтран ажиллаж, шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.